2009-09-13 12:40:32
Капоэйра гэх үг чухам ямар утгатай болох талаар одоог хүртэл тогтсон нэг шийдвэрт хүрч чадаагүй байгаа билээ. Нэлээд таамаг байдагийг доор сийрүүлэв.
Шувуутай холбон тайлбарласан нь
1. Португали хэлээр |capoeira| гэдэг үгний |capro| гэх язгуур нь агталсан азарган тахиаг хэлж байгаа юм. Капоэйран хөдөлгөөн нь азарган тахиан хөдөлж байгаатай төстэй гэлцдэг учир…
2. Португали хэлээр уулын бөднө шувууг мөн |capoeira| гэдэг ба энэ шувууны хөдөлгөөн нь Капоэйран хөдөлгөөнтэй ижилхэн гэлцдэг учир…
Хар арьст иргэдтэй холбон тайлбарласан нь
Аялагч, жуулчидыг дээрэмдэн тонодог нутгийн хар арьст иргэдийг |capoeira| гэж нэрлэж байжээ. Өөрөөр хэлбэл зэрлэг, танхай хар арьст иргэдийг ийн нэрлэдэг байжээ.
Малгайтай холбон тайлбарласан нь
АфроБразилын эрдэмтэн Карло Свэжээня хэлэхдээ: Хар арьст боолууд өдөр тутмын амьдралдаа капа |capa| нэртэй, том дугуй хэлбэртэй сагсан малгай өмсдөг байсан учир…
Түпи-Гуарани |Tupi Guarani| ястаны хэлээр тайлбарласан нь
Энэ ястаны хэлээр |CAA| гэдэг нь доорх, жижиг гэсэн утгатай ба |PUOKRA| гэдэг нь өвс юм. Мод бутаа огтлуулж нүцгэрсэн ой, мөн түймэрдүүлж хувхайрсан хэсэг газрыг ийн хэлдэг байжээ. Оргон зугтсан боолууд, боол ачсан тэрэгийг довтлох болон газрын эзэн тэдний гар хөл бологсодтой тэмцэхдээ чухам ийм л газар сонгон дайтаж ялдаг байсан гэдэг. Иймээс |CAA| + |PUOKRA| гэдэгээс |capoeira| гэсэн үг үүсжээ…
Конго хэлээр тайлбарласан нь
Конго хэл судлаач, эрдэмтэн К. Киа Бүнсэки хэлэхдээ: |capoeira| гэдэг нь Конго хэлний |kipura| гэдэг үгтэй утга дүйнэ гэжээ. Энэ нь далавчаа хүчтэй дэвэн тэмцэлдэж байгаа азарган тахианы үйлдэлийг илэрхийлсэн үг аж. |kipura| нь |capoeira| гэж дуудагдах болсон гэх. Конго болон Ангола үндэстэн энэ хэлээр ярьдаг ажээ. Африкаас Бразилд ачигдаж ирсэн хар арьст боолуудын олонх нь Конго хэлээр хоорондоо ойлголцдог байсан гэдэг.



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: